• +976 8011-6660, 9915-0303, 8811-8601
  • info@bizacademy.mn
  • blog-1

    Олон Улсын Бизнес Хөгжлийн Бизнес Академи үүд хаалгаа нээлээ

    Гадаадад л сурвал гийсэн мундаг, Монголд л сурсан бол юу ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг мэт эсвэл Гадаадад төгссөн нь худлаа диплом өвөртөлсөн, хэлнээс цаашгүй, Монголынхоо хөрсөнд буугаагүй гэх мэт хандлага мэр сэр байдаг даа.

    Тиймээс Монголд, эсвэл гадаад улсад суралцахын давуу болон сул талыг эргэцүүлснээ дор тэмдэглье.

    1. Багш нар,сургалтын чанарын тухайд: Бакалавар, магистрын зэргээ Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн сургуульд суралцсаны хувьд, энд ирээд ч олон багш нарыг харьцуулж харж буйн хувьд багш нарын эрдэм мэдлэг, заах аргын хувьд манай багш нар хаа ч гологдохгүй, зарим талаараа илүү ч санагддаг.

    Авч буй цалин, хувьаарьт хичээлийн цаг, хажуугаар нь эрдэм шинжилгээний ажил эрхлэх нөхцөл боломж гээд гадаад улсын сургуулийн багш нартай харьцуулахын аргагүй хэцүү нөхцөлд ажилладаг хэрнээ яаж тийм их зүйлийг сургаж, өөрсдөө судалж, хажуугаар нь судалгаа шинжилгээний ажлаа хийж, ном товхимол хэвлүүлж амждагийг гайхмаар.

    (Бакалавртаа мундаг багш нарынхаа үнэгүй шахуу хэлж өгдөг эрдмийг үнэгүйдүүлж, хичээлээ тасалж, эсвэл анхааралгүй хандаж байсандаа дандаа харамсдаг шүү) Хэрвээ МУИС-ийн багш нар маань хичээлээ тэгж мундаг заадаггүй байсан бол одоо энд сурахдаа өчнөөн бэрхшээлтэй тулгарахаар.

    Харьцуулж судлах ном материал хомс байхад Герман, Америк гээд олон улсын эрх зүйн онолууд, үндсэн агуулгыг багш нар маань хангалттай мундаг заасан юм байна гэж ойлгосон. Тиймээс багш нарын мэдлэг чадвар, арга зүйн хувьд ялгаа, гологдох зүйл огт үгүй.

    2. Материаллаг бааз, сургалтын хэрэглэгдэхүүн: АНУ, Герман, Япон гээд ер нь гадаад улсын сургуулиудын Монгол сургуулиас ялгарах гол ялгаа тэнд маш их хэмжээний мөнгийг сургалтын орчин, ном сурах бичигт зарцуулдаг.

    Номын сангаас ямар л бол ямар шинэ сонирхолтой, мэргэжлийн чиглэлийн номыг олж болно. Оюутны сурах эсэх нь ердөө л өөрийн хичээл зүтгэлээс хамаарна. Одоо сурч буй сургуулийн сургуулийн жилийн төсөв гэхэд л багахан улсын төсөвтэй тэнцэхүйц. Дээр нь оюутнуудын төлбөр дунджаар жилд 60,000 ам доллар гээд болоход ямархуу их хэмжээний санхүүжилтээр материаллаг бааз хангагддаг нь тодорхой.

    Хаана хэрхэн сурах нь оюутны л хичээл зүтгэлийн асуудал ч гэлээ мэдээж уншиж судлах зүйл хүртээмжтэй байвал суралцах үйл явцад нөлөөлөх нь тодорхой. Монголын сургуулиуд, МУИС маань хэзээ нэг цагт гоё баялаг номын сантай болоосой гээд л нууцхан атаархаад л явж байна даа.

    3. Хичээлийн төлөвлөгөө, зохион байгуулалт: Намайг бакалаврт сурч байхад лав хичээлийн төлөвлөгөө гэж сүртэй юм танилцуулдаггүй, багш нар л анхны хичээл дээрээ ерөнхий агуулгаа тайлбарлаж, дүн гаргах шалгуураа тодорхойлж өгдөг байсан. Сүүлд харин Сиси систем рүү шилжээд бас ч гэж ихэнх мэдээллийг харж болдог, дээр нь багш нартаа үнэлгээ саналаа оруулдаг, шалгалтын тов зэргээ хардаг болсон шиг байсан. Ямартай ч МУИС боломж бололцоогоороо тодорхой дэвшил ахиц гаргаад л байгаа.

    Гадаадын сургуулиуд бол төлөвлөгөө нь олон сарын өмнөөс гарсан, оюутнууд хэзээ хэзээ ямар даалгавар өгөх, юу унших, ямар ном сурах бичиг худалдаж авах гээдбүх зүйл программаар тодорхой харагдаж байдаг. Зуу, хоёр зуун жилийн түүхтэй сургуулиудын зохион байгуулалтыг манайх шиг төсвөөр огцом хурдаар гүйцэх мэдээж хэцүү. Тиймээс зарим нэг зохион байгуулалт, тодорхой байдал зэргээрээ сул талтай ч учиргүй бас хоцрогдсон гэж хэлэхээргүй.

    4. Зардал: Өө энэ бол хамгийн том ялгаа. Манайд бол ганц гар утас авах хэмжээний төлбөр төлөөд өчнөөн зүйл сурч, дээр нь хэдэн багш нарынхаа хорь гаран мянган төгрөгийн үнэтэй номыг худалдаж авалгүй канонодах энүүхэнд. Энд бол сургалтын төлбөрөөс гадна нэг хичээлийн ном гэхэд л дор хаяад 50 доллар, түүнээс дээш 600 доллар хүртэл явж өгнө. Дээр нь зарим шалгалтын материалаа ч худалдаж авна.

    Хичээлд хэрэглэгдэх кэйсээ хүртэл Харвард, бусад сургуулийн сайтаас худалдаж авна. Хичээлийн хуваариа тогтсон хугацаанаас хойш өөрчлөх бол бас л тодорхой үнэ төлнө г.м. Тэгээд тийм өндөр зардлаар сурч буйн хувьд ёстой хийдүүлж орон гаран сурах, дэмий цаг нөгцөөхийн эрх, боломж ч байхгүй.

    Тиймээс сурахад их хөшүүрэг болдог байж мэднэ. Дээр нь нэмээд, хэрвээ та хуульч, дээр нь Монгол улсдаа ажиллана гэж бодож байвал юуны өмнө Монгол сургуульд, монголынхоо эрх зүйн тогтолцоо, агуулгын талаар бүрэн ойлголттой болж аваад, дараа нь тусгайлсан мэргэшлийн чиглэлээр гадаад улсад суралцвал илүү утга учиртай, өгөөжтэй. Бас ер нь Магистрын зэрэгт суралцахаасаа өмнө хэсэг хугацаанд ажиллаж үзээд, сурсан мэдсэн чинь ажил дээр яг яаж буудаг, хэрхэн хэрэглэх техникийн дөртэй болоод юу нь бэрхшээлтэй зэргийг тодорхойлоод авбал дараа дараагийн сурах чиглэлд хамаагүй нэмэртэй.

    Тэгэхгүй бол огт ажиллаж үзээгүй, хуулиа зөв хэрэглэж тайлбарлаж сураагүй хүн гадаад улсад сураад түүнийгээ харьцуулах нэгт хийсвэр, хоёрт хувь хүний хандлагад ч нөлөөлдөг шиг санагдсан. Бакалаврт сурсан бүхнээ амьдрал дээр хэрэглэж, ажил хийж байж л утга учрыг нь ойлгох шиг болсон шүү. Гадаад суралцана гэдэг зүгээр нэг гоё улсын диплом өвөртөлж ирэх биш, нэр хүнд ч биш харин арай өөр өнцгөөс харах, мэдлэгээ харах өнцгөө тэлэх, үзэл бодлоо төлөвшүүлэх боломж, сурсан мэдсэнээ өөрийн улсынхтай харьцуулах, шинийг эрэлхийлэх боломж л юм уу даа.

    Эх сурвалж: Pagmaa Lkhagvasuren

    Share